Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Та даатгалын төрлөө тээврийн хэрэгслийн өмчлөл болон жолооны ангиллаас хамаарч сонгоно уу

Та өөрийн регистрээ оруулна уу

Та автомашиныхаа улсын дугаарыг оруулна уу

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан асуултын дагуу Таны өгсөн мэдээллийг үндэслэн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоох болно. Та даатгуулах хүсэлтээ үнэн зөв илэрхийлэхийн тулд иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтаа ашиглан бичнэ үү. Учир нь алдаатай, буруу мэдээллийн улмаас гэрээний харилцаанд хүндрэл учирч болох ба Таны мэдүүлэг худал байвал дараа жил хураамж 30 хувиар нэмэгдэх бөгөөд хуурамч мэдээллээс болж гэрээ цуцлагдаж нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах болно.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (цаашид "жолоочийн даатгал" гэх) нь даатгуулагч Та машин жолоодож явах үед зам, тээврийн осол гаргасны улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн эрхийг хамгаална.

Жолоочийн даатгалд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр заавал даатгуулах үүрэгтэй ба хэрвээ жолоочийн даатгалд даатгуулаагүй, даатгалын гэрээний хугацаа дууссан бол жолооч замын хөдөлгөөнд оролцох эрхгүй юм.

Даатгалын гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгаа бол 14 орон бүхий даатгалын гэрээний дугаар юм. Энэхүү дугаараар Таны даатгалыг хянах, шалгах боломжтой бөгөөд Таныг даатгалтай гэдгийг илтгэх болно.

Даатгалын зүйл

Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

Даатгуулах этгээд
  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
  2. Тээврийн хэрэгслийн өмчлөгч хуулийн этгээд бүр
  3. Мэргэшсэн жолооч бүр
  4. C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч бүр

Нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

  1. А, В ангилал болон механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 5 сая төгрөг
  2. С, D ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг байна.

Даатгалд хамаарах нь

Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ

  1. бусдын амь насанд учруулсан хохирол;
  2. бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
  3. бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Даатгалд хамаарахгүй нь

Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд дараах тохиолдлуудыг даатгалд хамаарахгүй байхаар заажээ. Үүнд:

  1. сэтгэл санааны хохирол;
  2. хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
  3. даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
  4. хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.
Нөхөн төлбөрийн хэмжээ

Даатгагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

  1. хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг төлнө.
  2. хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр төлнө, харин санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлнө. Хэрвээ хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцно.
  3. хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр төлнө, хэрвээ санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу хохирол учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Нөхөн төлбөр олголт
  1. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
  2. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
  3. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
  4. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
  5. Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь нэг удаагийн даатгалын тохиолдолд олгох хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  6. Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл

Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:

  1. хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
  2. даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;
  3. даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;
  4. даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;
  5. хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.

Жолоочийн даатгалд дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

'жолооч' гэж автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг;

'автотээврийн хэрэгсэл' гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;

'даатгагч' гэж даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн, жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

'даатгуулагч' гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг;

'даатгуулагчийн итгэлийн түүх' гэж даатгагчаас даатгуулагчийн талаар хөтөлж байгаа мэдээллийг;

'жолоочийн даатгалын нөхөн төлбөр' /цаашид "нөхөн төлбөр" гэх/ гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг;

'жолоочийн даатгалын сан' гэж жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг;

'жолоочийн даатгалын сангийн шуурхай алба' /цаашид "шуурхай алба" гэх/ гэж даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч иргэнээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг албыг;

'жолоочийн даатгалын тохиолдол' /цаашид "даатгалын тохиолдол" гэх/ гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг;

'хохирогч' гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг.

1800-1885 Дуудлага захиалга Онлайн чат WeChat И-мэйл